Ажиллагсадын гэнэтийн ослын даатгал

Даатгалын эрсдэл

Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагсадыг гэнтийн ослын даатгалд хамт олноор нь хамруулж, тэднийг хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус осолд өртөх, ажилдаа ирэх, буцах замдаа ахуйн болон гаднын хүчин зүйл, байгаль цаг агаарын үйлчлэлд өртөх тохиолдлоос даатгана.

Даатгалын үнэлгээ

Нэг ажилтны гэнэтийн ослын даатгалын үнэлгээ /нэг жилд/ 5.0 /тав/ сая төгрөг байх бөгөөд даатгуулагч үнэлгээг нэмэх буюу бууруулж болно.

Даатгалын хураамж

Нэг ажилтны гэнэтийн ослын даатгалын хураамж /нэг жилийн/ үнэлгээний 1 /нэг/ хувьтай тэнцүү байна.

Даатгалын нөхөн төлбөр

Даатгуулагч даатгалын тохиолдлын улмаас нас барсан бол даатгалын нөхөн төлбөрийг түүний хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид 100 хувь олгоно.
Даатгуулагч даатгалын тохиолдлын улмаас тахир дутуу болж, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар /бүрэн/ алдсан нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос тогтоогдсон бол даатгалын нөхөн төлбөрийг 100 хувь олгоно.
Даатгуулагч даатгалын тохиолдлын улмаас тахир дутуу болж, хөдөлмөрийн чадвараа 70 хүртэл хувиар /хагас/ алдсан нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос тогтоогдсон бол даатгалын нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээнээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар тооцож олгоно.
Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын анх тогтоосон хувийг нэмэгдүүлж өөрчилсөн тохиолдолд зөрүүг тооцож, даатгуулагчид олгоно.
Даатгуулагч даатгалын тохиолдлын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол даатгалын үнэлгээг 365 хоногт хувааж гаргасан нэг өдрийн нөхөн төлбөрөөр даатгуулагчийн өвчтэй байсан хоногийн тоогоор үржүүлж, нөхөн төлбөрийг олгоно.
Нэг даатгуулагчийн нэг жилийн нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй.

Даатгалын нөхөн төлбөрийг дараахь баримтыг үндэслэн олгоно:

а/ даатгалын гэрээ, баталгаа,
б/ даатгуулагчийн байгууллагын гаргасан тодорхойлолт буюу албан бичиг /даатгуулагчийн овог нэр, албан тушаал, регистрийн дугаар бүхий/,
в/ даатгуулагч нас барсан бол гэрчлэх эмнэлэг болон холбогдох бусад байгууллагын баримт бичгийн хуулбар,
г/ даатгуулагч тахир дутуу болж, хөдөлмөрийн чадвараа бүрэн, хагас алдсан бол Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, тахир дутуугийн тэтгэврийн дэвтрийн хуулбар,
д/ даатгуулагч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол түүний хууль ёсны өв залгамжлагчийн өргөдөл,
е/ даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдсанаас эмнэлэг болон амбулатори, гэрээр эмчлүүлснийг тодорхойлсон эмнэлгийн магадлагаа, эмнэлэгийн хуудасны хуулбар,
ё/ шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт.
Даатгалын нөхөн төлбөрийг дараах үндэслэлээр бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзаж болно:
а/ даатгуулагч ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад болон хөдөлмөрлөх үүргээ биелүүлэхийн өмнө буюу дууссаны дараа ажлын байр буюу орчинд, мөн ажилдаа ирэх буцах замдаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний улмаас гэнэтийн осолд өртсөн,
б/ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн,
в/ даатгуулагч бусдыг өдөөн хатгаснаас нас барсан, хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас алдсан, амиа егүүтгэсэн, даатгуулагчийн өв залгамжлагч нь хувийн эрх ашиг, сонирхлын үүднээс зориуд санаатайгаар даатгуулагчийн амь насыг бүрэлгэсэн /бүрэлгүүлсэн/, хөдөлмөрийн чадварыг нь бүрэн буюу хагас алдуулсан, тахир дутуу болгосон нь хуулийн байгууллагаар тогтоогдсон,
г/ даатгуулагч санаатайгаар даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн,
д/ даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон,
е/ даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан,
ё/гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн,
ж/ хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.
Даатгагч нь нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлээ тодорхой гаргаж, даатгуулагчид бичгээр мэдэгдэнэ.

Буцах